Thursday, January 4, 2018

ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ТӨЛӨӨС

Сүүлийн үед банкны зээлийн дээд хэмжээг тогтооно гэсэн санаачилга (тийм ч зөв санаачилга бас биш) явсаар иргэдэд зээлийн хүүг тэдний хүссэн хэмжээнд буулгах нь гэдэг хүлээлтийг өгөөд байна. Гэтэл бодит байдал тийм биш. 


Ерөнхийд нь үлгэрлэн төсөөлье! Болдог бол төв банк бодлогынхоо хүүг шууд жилийн 14 өс 5 хувь хүртэл  бууруулаг. Ер нь хэд ч болгож бууруулах эрх нь тэдэнд бий. Тэгвэл арилжааны банкнууд жилийн 10-12 хувийн хүүтэй хадгалуулсан иргэдийн хадгаламжийн хүүг 3 болгож бууруулах юм байна. Учир нь банк хадгаламжийн жилийн 12 хувийн хүүгээ эрсдэлгүй хадгалуулж, ашигтай биш юмаа гэхэд алдагдалгүй хадгалахын тулд эдийн засаг нь сөхөрсөн өндөр эрсдэлтэй бизнесийн  орчинд хэрэгтэй хэрэггүй хүнд зээл өгч араас нь залбирч суухаар төв банкны 14 хувийн хүүтэй үнэт цаасыг худалдаад авцан нь бүтэн нойртой унтах сайхан боломж юм.
Хэрвээ тийм сайхан зээлийн хүүтэй дайралдвал би лав зээл авч үйлдвэр баримаар байна. Надтай адил хэдэн мянган хүн зээл авмаар байгаа. Энэ бол бэлэн мөнгөний эрэлт. Одоо ч тийм эрэлт байна. Харин хадгаламжаас нь доогуур бодлогын хүү ороод ирвэл зардлаа олохын тулд банк мэдээж хадгаламжийн хүүгээ бууруулна, тэгвэл хүмүүс бүх төгрөгөө валютын юм уу алтны хадгаламж болгох нь дамжиггүй. Энэ бол зүгээр л хүний өөрийнхөө эрх ашиг, аюулгүй байдал, эрсдэлээ түрүүлж бодсон рефлекс юм. Энэ рефлексүүдийг зах зээлийн эдийн засгийн хууль гэдэг. 
Манай улсын инфляци жилийн 10 хувьтай байхад хүн мөнгөө инфляцаас доогуур хадгалуулахгүй. Угтаа хадгаламжаасаа ашиг олоод байгаа ч юм биш инфляцид идүүлж хорогдуулахгүй амлуулаад л таарч байгаа нь тэр. Дээрээс нь долларын ханш 2500 төгрөгтэй байхад долларын хадгаламжийн хүү 6 орчим байх нь бас аргагүй. Хэрвээ долларын ханш 1000 төгрөг байсан бол төгрөгийн хүүг буулгаж болох сон. Тэгэхээр төгрөг долларын хадгаламжаас доош орж буувал дээр хэлсэнчлэн бүх хүн мөнгөө ханш нь өсч буй алт эсвэл 6 хувийн хүүтэй долларын хадгаламжид хадгалуулах эсвэл өөр өндөр өгөөжтэй орчин руу гадаад дотоод гэлтгүй дайжна. Учир нь бодлогын хүү 5 юм чинь хадгаламжийн хүү 3 болно. 3%-ийн төгрөгийн хүү гэдэг бол 1,5% ийн долларын хүү гэсэн үг. Танд цуглуулсан мөнгөө жилийн 6%-ийн хүүтэй эсвэл 1,5%-ийн хүүтэй хадгалуулах уу гэсэн сонголт байна. За тэгээд сайнаар бодоод бодлогын хүү буулаа бүгд төгрөгөө доллар луу шилжүүллээ. Долларын эрэлт ихсэж, төгрөгийн ханш 5000-10,000 болж чөлөөт уналт хийнэ. Чөлөөт уналтын хурд ядаж 9,8м/с байдаг бол энэ уналтын хурдыг төсөөлөхөд бэрх юм. Хэрвээ би тийм сайхан хүүгээр тэрбум төгрөгийн зээл авбал лав л 600 саяд таарсан доллар худалдаж аваад талыг нь Хятад, үлдсэнийг нь Герман руу шилжүүлж тоног төхөөрөмж авна. Энэ нь бас л доллар өсөх шалтаг болно. 

Долларын ханш өсөөд 5000 төгрөгтэй тэнцлээ гэж бодъё. Маргаашаас нь биш юмаа гэхэд нэг сарын дотор бүх барааны үнэ 2-3 дахин өснө. Валютын ханш өссөн тул 90% нь импортоос хамааралтай улсад үнэтэй валютаар 2 дахин үнэтэй шатахуун, хувцас, гурил будаа орж ирнэ. Үүнийг үнийн өсөлт буюу инфляци гэнэ. Мэдээж нифляци, валютын ханшны учир шалтгааныг тайлбарлаад үргэлжлүүлвэл макро үзүүлэлтийн дуусашгүй хэлхээснүүд хөврөх нь дамжиггүй. Ингээд зээлийн хүүг барьж, хүчээр буулгаснаар доллар 2 дахин үнэтэй, бүх ахуйн барааны үнэ 2-3 дахин, инфляци 2 оронтой тоондоо эрэмбэ ахиж, иргэдийн худалдан авах чадвар алдагдаж, байгууллагуудын гадаад дотоод өрсөлдөх чадвар суларч, улмаар гадаад төлбөрийн тэнцэл тасарч эдийн засгаа сүйрүүлэх томоохон эрсдэлд үүсч байгаа юм. Гэхдээ мэдээж улс төрчид маань ийм тэнэг юм хийхгүй байх. Зах зээлийн эдийн засаг эрх чөлөөтэй иргэдийн аюул, эрсдэлээс эмээх рефлекст уягдаж явдаг тул тэр үзэгдэл болоод урсгалыг хүчээр зохицуулах нь богино хугацаандаа үр дүн гарах мэт санагдавч, урт хугацаандаа олны хүч тэсэрч сүйрэлд хүргэдэг түүхийг капиталист орнуудын түүх хангалттай харуулсан байдаг.  

No comments:

Post a Comment