Би нефтийн бүтээгдэхүүний импортын компанид багагүй хугацаанд ажиллаж, алив
зовлон жаргалыг нь гадарладаг хүний хувьд "Петровис"-ийнхний хийсэн
мэдэгдлийг ойлгон хүлээж авлаа.
“Улс 90 хүртэлх октантай бензинээс 160,000 төгрөг, түүнээс дээш
октантай бензинээс мөн 160,000 төгрөг харин дизель түлшнээс 180,000 төгрөг тонн
тутамд онцгой албан татваргэж авдаг байсан. Харин 2017 оны 11-р сарын 19-нд
үнийн зөвлөлийн 309 тоот тогтоолоор энэ татварыг нэмэгдүүлсэн. 90-ээс доош
октантайд 190,000, 90 ээс дээш октантайд нь 210,000, дизелийн түлшинд 180,000
төгрөг тонн тутамд байхаар шинэчлэн тогтоосон.
Ингээд дунджаар онцгой албан татвар 190-280 мянган төгрөг болов. Гэтэл мөн
2017 оны 7 дугаар сараас хойш ОХУ аас авдаг шатахууны үнэ тонн тутамд 130-156
ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнэ 21-25% иар өссөн гэсэн үг. Дэлхийн зах
зээлд сүүлийн 2 жил түүхий нефтийн үнэ 70 хүртэл ам.долларт хүрч өссөн. Дээрхи
шалтгаануудын улмаас 2017 оны 9 дүгээр сараас эхлээд сүүлийн 5 сар компаниуд
бүтээгдэхүүний нэгж үнэ тутамд дунджаар 250-300 төгрөгийн алдагдалтай ажлаад
эхэлсэн.
Энэ тухай өөрийн хамаарах яаманд яаралтай арга хэмжээ авах талаар удаа
дараа мэдэгдсэн ч яам ямар ч арга хэмжээ авахгүй байсаар, компаниуд алдагдлаа
дийлэхээ байсаар үнээ нэмэхэд хүрлээ.
Удахгүй 2018 оны 2 дугаар сарын дундуур ОХУ-ын бидэнд өгч буй шатахууны үнэ
төрөл тутамд 20-40 ам.доллараар нэмэгдэх мэдээлэлтэй байна. Үндсэндээ алдагдал
улам нэмэгдэж, цаашид ийм өндөр үнээр шатахуунаа аваад байхад үнийн зөвлөл
хуралдаж, онцгой албан татвараа бууруулах арга хэмжээ авахгүй бол өндөр үнээр
дахиж шатахуун худалдан авч алдагдалтай үнээр зарах уу, эсвэл үнээ нэмээд
дампуурахгүй байхуу гэсэн сонголтод хүрч байгаа юм” гэж тэд цөхрөнгөө баран
үгээ хэллээ.
Шатахууны үнийн бүтцийн хувьд нийт нэгж үнийн 70, өнөөгийн байдлаар 76%-ийг
ОХУ-ын Иркутск хотоос авч буй бөөний үнэ, нэмээд хуучин 18 хувь байсан бол шинэ
татвар нэмэгдсэнээс хойш 23% болоод байгаа 5 төрлийн татвар (онцгой албан
татвар, шатахууны албан буюу замын татвар, гаалийн татвар, НӨАТ г.м) эзэлдэг.
Ингээд нийт шатахууны үнийн 99% нь бүтээгдэхүүний өртөг боллоо. Үлдсэн 1% иар
нь 1000-3000 хүнтэй компани цалин, татвар, хангамжаа зохицуулаад цаана нь
20-30%-ийн ашигтай ажиллах боломжтой юу. Дээрээс нь нэмээд 300 төгрөгийн буюу
нийт үнэ бүрдэлтийн 20% тай тэнцэх алдагдал хүлээгээд 5 сар явж байна.
Энд нэг зүйлийг худлаа хэлэх шиг санагдлаа. Тэд цэвэр ашгийнхаа тухай
ярьсангүй. Би л байсан бол манай ашиг уул нь 20-30% байдаг. Гэтэл бидэнд тэр ч
байхгүй алдагдалтай байна гэж үнэнээ хэлмээр байна. Хэн ч ашиггүй бизнес
хийдэггүй. Нийтийн хоолны үйлчилгээний компаниуд дунджаар 40-60%-ийн цэвэр ашиг
олдог. Барилга бүр 50-100%-ийн ашигтай ажиллах үе ч гардаг. Худалдаа бол
2-10-15% гэх мэт. Уул уурхай мөн 20-30%-ийн татварын дараах цэвэр ашигтай
байдаг. Гэтэл яахаараа энэ хэдэн нефтийн компаниуд бид нараас ашгаа нууж, дарж,
алдаж ажиллах ёстой юм. Ямар бид нарын хамаатан садан, өглөгтэй, өртэй албатай
хүмүүс үү гэж хэлмээр, асуумаар байна. Энэ компаниуд бусдаасаа юугаараа
ялгаатай юм.
Адилхан хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд. Монополь гэнэ, 30 компани
тусгай эрхтэй байна. Нэмээд хэдийг ч байгуулах эрх нээлттэй. Тийм ашигтай
бизнес бол яагаад 5 хан компани үлгэн салган ажилладаг юм бэ. Тэгээд ганцхан
ОХУ-ын Монголтой ойрхон ганцхан үйлдвэрээс үнийн хамааралтай компани ямар
юмаараа монополь байх вэ? Монополь гэдэг чинь үнийг өөрөө удирдах чадвартай
компанийг хэлнэ. Жинхэнэ монополь чинь ОХУ өөрөө. Тэд бодохдоо “ Энэ монголчууд
өөрөө асар том нефтийн импортлогч, тэгээд ч биднээс үнэ илүү шатахуунтай
Хятадаас горьдолтгүй, алс холын Казахстанаас 5$-ийн хямд авч болох ч тээврийн
зардалдаа шатаад авч чадахгүй. Бизнесийн үр ашиг бодоод дандаа ашиггүй болдог
нарийн технологи бүхий нефтийн үйлдвэр барьж чадахгүйгээс хойш эдэнд хэдээр ч
бензин өгсөн яадаг юм гэсэн Оросуудын монополчлол явж байна. Тэгээд бас буруу
гэж үү? Оросууд ямар бидний ах дүү, аав ээж биш. Яагаад хямд өгөх ёстой юм.
Харин ч гайгүй өгч байна. Зах зээлийн хуулиараа л харьцаж байна. Тэгээд хэнд,
хаана буруу байгаа юм. Ганцхан бидэнд л байна.
2015 онд дэлхийн нефтийн үнэ буурахад эд нар яагаад үнээ бууруулаагүй юм бэ
гэж хүн бүр асуудаг. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан гэнэ. Нэмээд
200-аас 480 төгрөгөөр ч бууруулж болох байжээ. Тэгээд яав. Улс төрчид зөрүүлээд
480,000 төгрөгөөр тонн тутамд татвараа нэмээд хэрэглэгчдэд очих 480 төгрөгийн
хөнгөлөлтийг замаас нь булаагаад авсан. Энэ асуудлыг ойлгоогүй мундаг эдийн
засагч хүртэл өчигдөрхөн “энэ муу нефтийн компаниуд дэлхийн үнэ өсөхөөр уургын
морь шиг үнээ нэмэх атал, буурахад нь хонины морь шиг хойрго болох юм” гэж ярьж
байхыг зурагтаар харав. Аливаа компанийн дотоод аж ахуйн болон дотоод гадаад орчны
зовлон, жаргал бодит амьдралын үнэн мөнийг мэдэрдэггүй хүмүүс хоосон
шүүмжлэхээс цаашгүй.
Харин 2017 оноос хойш дэлхийн үнэ ч өсөөд өнөөх ОАТ ч өсөөд улсын бодлого
буруу зүг рүүгээ эргэжээ. Үр дүн нь өнөөдөр болж буй үйл явдал.
Үнэ нэмэгдэхэд ШТС үүдэд тийм ч ашигтай биш. Тодорхой хугацааны дараа
борлуулалт нь массаараа буурна. Улмаар нийт орлого ашиг нь буурна. Учир нь
хүмүүсийн худалдан авах чадвар аажимдаа буурах, инфляци буюу бусад барааны үнэ
дамаа огцом өсөх, ядуурал улам нэмэгдэх, өлссөн, хийх ажилгүй аргаа барсан
иргэд төрийн эсрэг босож, дэндүү эрсдэлтэй үйл явдлууд үргэлжилнэ.
Дүгнээд хэлэхэд улс татвараар зохицуулдгаа больчмоор юм. Хэсэг нийгмийн
галзуурал, гипер инфляци, буцаад дифляци, эдийн засгийн уналт, зовлон зүдгүүр
болсны дараа зах зээл тунгалаг, эрүүл, эрч хүчтэй болно. Их ч бага ч үнэ хэнээс
ч хамааралгүй яг л зах зээлийн зарчмаараа тогтдог болно.
Харин ийм зүйлийг яг одоо байгаа ямар ч улс төрч хүсэхгүй, тэсэхгүй,
тэвчихгүй. Зах зээлээ мөнгөөр дутагдах, хомсдох үед элдэв татаас, туслалцаа
өвдөлт намдаах эм тариа хийж тогтооно.
Тэгэхээр одоо бодит ганцхан шийдэл үлдлээ. Д.Загджав сайдаа та ирж, үнийн
зөвлөлөө хуралдуулж, татвараа тэглээчээ. Нэмээд татаас ч өгсөн яахав. Энэ эдийн
засаг чинь өвдөлтөө тэсэхгүй өөд болох нь байна шүү!