Уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лицензийг 2009 оноос хойш шинээр олгохыг Ерөнхийлөгчийн санаачилгаар зогсоосон юм. Харин 2015 оны 1 дүгээр сарын 26-аас дахин олгож эхэлснээр нэг жил өнгөрлөө. ЗГ-ын 2014 оны 239-р тогтоолоор МУ-ын нийт газар нутгийн 19.9% хувьтай тэнцэх буюу 31 сая гектар газарт та бүхэн геологийн хайгуул хийх боломжтой болсон.
Эхний баруун бүсийн уралдаанаар 9 сая гектарт буюу газар нутгийн 5.78% -д өрсөлдөх юм. 1990 оноос 2000 он хүртэл иргэд уул уурхайн лиценз сонирхдоггүй, зах зээл нь ч ховор байсан байх, тиймээс ихээр нь лиценз хэвлүүлж аваагүй бололтой.
Харин 2000 оноос 2009 он хүртэл 1392 (428 буюу 30% нь ГХОК) хайгуулын лиценз, 1376 (406 буюу 29,5% нь ГХОК) ашиглалтын лиценз нийт 2768 лиценз хэвлүүлж авсан байдаг ба энэ нь нийт газар нутгийн 7,7% тай тэнцэж байна.
Төлбөрөө тушаах, тайлан төлөвлөгөө өгөх зэрэг хугацаа хэтрүүлсэн болон бусад шалтгаануудаар дээрхи лицензүүд улсад тодорхой тоогоор хураагдаж байдгийг бас тооцох хэрэгтэй. Зөвхөн сүүлийн нэг жилийн дотор 600 орчим хайгуулын лицензийг нэмж ААН хэвлүүлэн аваад байна. Ингээд нийт 2000 гаруй хайгуулын лиценз зах зээлд эргэлдэж байгаагаас 30-40% нь гадны хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр байна.
Нэг лицензийг өөрийн болгоход ойролцоогоор 5-50 сая төгрөг шаардлагатай. Мөн нэлээдгүй аз бас хугацаа хэрэгтэй. Танд шинээр компани байгуулахад 130,000 төгрөг шаардлагатай. Түүнийгээ АМГ (Ашигт малтмалын газар)-т бүртгүүлж 280,000 төгрөг тушаан VPN (Virtual Private Network буюу нэгэн төрлийн e-token) худалдан авна. Түүний дараа долоо хоног бүрийн Даваа гаригийн өглөөний 9:00 цагт цахимаар уралдаанд оролцох 2 удаагийн эрхийг 500,000 төгрөгөөр худалдан авна.
Энэ 500,000 төгрөгөөр уралдаанд байр эзэлж чадахгүй бол дахин хэд ч сунгаж магадгүй. Мэдээж сараар нь 4 удаа орох эрх 2 сая төгрөгөөр худалдан авч болно. Гэхдээ бид ихэнхдээ 2 удаа орохоор авдаг. Өглөөний 9 цаг 00 минутад эхэлсэн цахим уралдаан дунджаар 5-10 секунд үргэлжилнэ. Уг уралдаанд 1000-1500 орчим байгууллага байнга өрсөлддөг ба тухайн Даваа гарагт уралдааны ердөө эхний 120 компанийг таслан шалгаруулна.
Энэ 120-иос голдуу талбайн давхцал, алдаатай координат гэх мэт шалтгаанаар 50-60 компанийн өргөдөл тэнцэж, орон нутгаас санал авах аялалдаа гарна. Таны энэ өргөдөл орон нутагруу явахаас өмнө АМГ өргөдлийн хураамж гэх 250,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкаар дамжуулан нэмж авна.
Орон нутагруу илгээгдсэн өргөдөл эрийн сайндаа мэнд буцаж ирэх магадлал 1%. Харин бид араас нь багагүй санаа тавьж орон нутгийн дэмжлэг авна. Тухайн сумын ИТХ (Иргэдийн төлөөлөгчдийн хурал), Засаг дарга улмаар Аймгийн ИТХ, Засаг дарга нарын зөвшөөрөл аваад АМГ-т ирнэ. Та АМГ-ын ямар ч даргаас "Та уралдаан зарлахаасаа өмнө орон нутгийн удирдлагатай тухайн газарт хэн нэгний өргөдөл тэнцвэл зөвшөөрсөн санал өгөх үү? гэж асуугаад ажлаа эхлүүлж болоогүй юм уу?" гэж асуувал "Би мэдэхгүй" гэж хариулна. Тэхээр би ч бас мэдэхгүй.
Энэ бол иргэд, ААН-ийг цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл санаагаар томоохон хохироож, иргэдээс үйлчилгээ үзүүлэхгүй мөнгө татсан гэх үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн асуудал юм. Мөн бас бус олон асуултад одоо хүртэл хариулж чадахгүй ч ажил албандаа байсаар л байдаг. За энэ ч яахав, лицензээ хэвлүүлж авах минь. Орон нутгаас хариу ирвэл биш "ирүүлбэл" таньруу АМГ аас бахархалтайгаар “Та тогтсон 3,000,000 төгрөгийг тушааж, өргөдлийн талбайн "га" бүрийн хэмжээгээр 145 төгрөг тушааж, лицензээ хэвлэж авна уу!” гэсэн мэдэгдлийг илгээх болно.
Жишээ нь та 5000 га хайгуулын лиценз авахыг хүссэн бол 3,000,000+(5000*145) = 3,700,000 төгрөг тушаана. Нийт нэг лицензийн өөрийн өртөг талбайн хэмжээнээс үл хамааран 130+280+500+250+3000=4,160,000 төгрөг ба нэмээд 25-150,000 га талбайн хэмжээнд багтаан нэгж “га” бүр 145 төгрөгийн төлбөр төлнө. Жич: Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж буй баг хамт олон, программ хангамж, бусад ашиглалтын зардлыг тооцоогүй юм. Жишээ нь бид мэдээлэл бөглөдөг программаа (программаар бөглөж болохгүй гэсэн хууль, журам байдаггүй) 60 сая төгрөгөөр худалдан авч байсан юм.
Энэ уралдаан цахимаар явагддаг. Өглөө 9 цаг 00 минутад https://login.mram.gov.mn/ сайтад өнөөх VPN-ийн тусламжтай нэвтрэн орж, таны хүсч байгаа өргөдөл бүхий талбайн байрлаж буй газрын нэр, аймаг сумын нэр, талбайн хэмжээ, солбицол, таны компанийн нэр мөн таны овог нэр, албан тушаал г.м мэдээлэл шаардсан нэг нүүр цахим хуудас бөглөж, улмаар хүсэлтийг хамгийн хурдандаа 2 секундэд илгээх шаардлагатай.
Гэхдээ энэ мэдээллийг гараараа бөглөөд илгээвэл хамгийн хурдандаа 40 секунд болдог, /ихэнхдээ 1-2 минут болдог юм/. Гэхдээ хүмүүс гадна дотны чадалтай программистуудыг (хакер) хөлслөн гараар бус программаар тус хуудсыг бөглүүлж, илгээдэг. Тэгэхээр энэ ажиллагаа IT -ийн мэргэжилтнүүдийн ширүүн өрсөлдөөн болж өнгөрдөг.
Уг уралдаанд хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйлүүд гэвэл интернетийн сүлжээний хурд, компьютерийн хүчин чадал, дадлага туршлагатай оролцогч байдаг. Буруу ойлгоогүй бол урьд цагт энэ уралдаанд хүмүүс биечлэн оочирлож, түрүүлж санал өгсөн хүнд лиценз олддог байсан тухай мөн тэр нь том биетэй хүч чадалтай бөхчүүд, атамануудын цуст тулаан болдог байсан тухай домог шиг яриа их бий.
Түүнийгээ санагалзсан зарим аварга компанийн удирдлагууд нэлээдгүй хэл ам хийсээр 1 дүгээр хүндээ тулж, улмаар амжилт олоогүй тухай мэдээллүүд ирсээр. Энэ уралдаанд АМГ-ын тодорхой шаардлага, багагүй бичиг баримт бүрдүүлсэн ААН оролцоно. 2015 оны 1 дүгээр сарын 26 нд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104-р меридианаас баруун тийш хэсэгт 9 сая га-д анх олголт эхэлсэн юм.
Мөн оны 8 дугаар сарын 30 нд зүүн тал нээгдэж 2016 оны өмнөхөн зогсоосон. Ерөнхийдөө энгийн ард иргэд энэ хугацаанд байдаг бүх мөнгөө шавхаж, одоогоор ихэнх нь сульдсан байх. Харин уг уралдаан 2016 оны 2 дугаар сарын 16-нд ахин үргэлжлэх болсон сурагтай. Энэ удаа дахин 9 сая гектарийг (5.78%) нэмж уралдааны талбар болгох шийд гарав.
Зарим хүмүүсийн ойлгож байгаагаар сүүлийн жил уралдуулсан талбайг ард түмэнд өгөх хишиг төдий олигтой баялаггүй орон зай байлаа гэж ихэд чамлаж ярьдаг юм. Үүнийг бүгд л мэдэж байлаа. Улс гайгүй илэрцтэй гэж боддог газруудаа улсын, орон нутгийн тусгай хамгаалалт, ашиглалтад авсан байдаг.
Төр төсвийн мөнгөөр хайгуул хийлгэж, түүнийхээ үр дүнд тулгуурлан тухайн талбайг Улсын тусгай хамгаалалт, ашиглалт, нөөцөд авдаг. Харамсалтай нь улсын хайгуулын ажил олон улсын орчин үеийн стандарт ололт амжилттай харьцуулбал 90 хувь нь хуурмаг дүгнэлт гардаг байх магадлал нь өөрөө 90% -тай. Тэрийгээ тэд бага мэддэг ба тэрэндээ итгээд хувьдаа шахуу нөөцөлдөг магадлалтай.
Манай улсын газар нутгийн 99 орчим хувийг 1:200.000 - ны, 30 хувийг 1:50.000 масштабтай зураглалаар бүрхсэн байдаг. Ер нь гадаргуугийн илэрцтэй хэсгээ ч бүрэн нарийн судалж дуусаагүй. Тийм учраас Монгол хүн биш Канад, Австраличууд л ирж 300 жилийн туршлагадаа үндэслэн, хөрөнгө хүч заран 1500-3000 ба түүнээс дээш метрийн гүнд байгаа зэс, алтны нөөцийг нээн илрүүлдэг.
Тун цөөн буюу 1-2 монгол геологичдод энэ чадвар сууж эхэлж байна.
Дүгнээд хэлэхэд уул уурхайн хөгжил цаг хугацааны хувьд 1 ойтой хүүхэд лугаа. Уул уурхайн хөгжлийн хамаг амин сүнс нь орчин цагийн олон улсын төвшинд бэлтгэгдсэн геологи хайгуул, шинжилгээ судалгааны ажилдаа мэргэшсэн боловсон хүчин, мөн олон улсын NI43-101, JORC, CRIRSCO г.м стандартуудыг монголд нэвтрүүлэх.
Бусад нь бидэнд бий. Гагцхүү бид өөрсдөө нөөцөө олж тогтоох санхүүгийн биш юмаа гэхэд мэргэжлийн чадваргүй бол энэ их лиценз зүгээр цаас ба олон гадаад эзэнтэй Оюутолгой илрэхэд өөрсөддөө л гомдох хэрэгтэй. За тэгээд лицензтэй боллоо гээд бүх зүйл дуусах биш бүр эхлээч үгүй хэрэг юм.
Цааш нь яаж авч явахаа мэдэхгүй бол лицензтэй байх нь зовлон болно. Олон улсын дунджаар лиценз орд болох нь 1000/1 л тохиох асуудал. Жишээ нь Канадад бүр 3000 төслөөс нэг л эдийн засгийн ашигтай уурхай болдог гэж үздэг. Бага зардал, оновчтой туршлага, сахилга бат, мэдлэгтэй чадвартай хайгуул судалгааны нарийн үе шаттай ажиллагаа эхэлнэ. Ерөнхий хайгуул судалгаа шат бүртээ амжилт үзүүлбэл үүний дараа нарийвчилсан судалгаа, өрөм тавьж нөөц тогтооно, ТЭЗҮ хийнэ г.м хэмжээнээсээ үүдээд нүсэр хугацаа, хөрөнгө болон хууль эрх зүйн орчин шаардсан цогц (ОУ-ын уул уурхайн цогц ажил бол 6 том бүлэг 43 зүйл бүхий ажил) ажлууд хийгдэнэ.
Улмаар орд болгон уурхай болох нь мөн л ховор үзэгдэл, ашигтай орд болж хувирвал уурхайн олборлолтын технологи (300 м -ээс доош бол далд уурхай болох учиртай), үйлдвэрийн шийдэл болно. Үйлдвэрээ барьчихлаа гэхэд үйл ажиллагаа /operation/ авч явах хэрэг гарна. Хамгийн зовлонтой нь орон нутгийн асуудал байж болох шүү. Энэ бүх үеүүдэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн хувилбартай нүүр тулна. Ихэнх лиценз 5-10 хүний гар дамжин уурхай болдог ба эцэс сүүлдээ та азтай бол 5-10 жилийн дараа компанийнхаа 1% тай үлдэх магадлал бий.
Маш тодорхой бичсэн байна. Баяр хүргье
ReplyDelete