Энэ оны эхээр ашигт
малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ, татвар, шилжилт хөдөлгөөний тухай
журам шинэчлэгдсэн билээ. Гэтэл үүнийг гадна дотнын хөрөнгө оруулагч
нарт түвэг учруулж эхэллээ гэсэн гомдол нийгэмд тархаад байна.
“Ашигт
малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл
шилжүүлсний орлогод албан татвар ноогдуулах аргачлал” Монгол улсын
сангийн сайдын тушаал бий.
Энэ журам
сайдын тушаал, хавсралттайгаа нийлээд нийт 21 хуудас. Мэдээж энгийн
иргэд ойлгоход тун түвэгтэй, олон мэргэжлийн бус аргачлал, шаардлагууд
анзаарагдсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлэх аргачлал нь ердөө л
илэрц, хөрш орд, ижил төстэй орд, дэд бүтцээр нь баримжаа авч үнэлнэ
гэдэг миний хувьд туйлын учир дутагдалтай санагдана. Ашиглалтын тусгай
зөвшөөрлийг мэдээж нарийвчилсан ТЭЗҮ-г хийж, эдийн засгийн ашигтай нөөц,
техникийн нөхцөлтэй гэдгийг тогтоосны дараа үнэлэхнь бол ойлгомжтой.
Хайгуулын талбайг ямар нэгэн аргачлалаар үнэлнэ гэдэг бол ээдрээтэй
асуудал. Гэхдээ төсөл үнэлэгдэх боломжгүй бол тус журамд зардлаар нь
үнэлэх аргачлал байдаг.
Ерөнхийдөө
тусгай зөвшөөрлийг үнэлэхэд тухайн хайгуулд зарцуулагдаж буй зардлыг үйл
ажиллагааны зардал талд тусгаад тухайн үеийн балансын зардлаар үнэлэх
эсвэл тухай бүр гарч байгаа хайгуулын зардлыг хайгуул үнэлгээний хөрөнгө
гэж хуримтлал үүсгэж капиталжуулаад үнэлэх 2 аргачлалын аль нэгийг тухайн аж ахуй
нэгж дотоод бодлогын баримт бичгээрээ зохицуулах боломжийг нээлттэй
үлдээсэн байдаг.
Харин
энэхүү журам батлагдахаас өмнө нийт ААН-ийн дийлэнх буюу 70 орчим хувь
нь хайгуул үнэлгээний хөрөнгө хэлбэрээр бүртгэж, төслийнхөө үнэлгээг
өсгөдөг практиктай байсан.
Гэхдээ
худалдан борлуулах процесст хяналт сул байсан учир 2 гэрээгээр
зохицуулаад болдог байсан бол журам батлагдаж татварын газар өөрийн
гэсэн мэргэжлийн геологийн багтай болж, тухайн худалдагдаж буй төсөлд
мэргэжлийн үнэлгээ өгдөг болсноос хойш тусгай зөвшөөрөл хоорондын
шилжилт хөдөлгөөн татвараас зугтахын аргаггүй болж, улмаар хугацааны
хувьд асар удаан болсон нь гадна дотнын олон иргэдийн бухимдлыг
төрүүлсэн. Мэдээж олон сул тал бий ч гол агуулга нь дээрх юм.
Харин
журам батлагдсанаас хойш компаниуд үйл ажиллагааны зардалдаа хайгуулын
зардлаа шингээгээд, хэрвээ зарж үрэх тохиол үүсвэл бага татвар төлөх
хандлага үүсч байна.
Харин одоо
амьдралд нийтлэг хэрэглэгдэж байгаа хайгуулын үнэлгээний хөрөнгийг
капиталжуулах аргачлалынх нь тухай хамгийн энгийнээр тайлбарлахыг
хичээе.
Хуучин буюу 2017 оны 12 дугаар сарын 25 наас өмнөх үнэлгээ, татварын жишиг:
Ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл ашиглалтын байна уу хайгуулын байна уу
гэдгээс үл хамааран ихэнх тохиолдолд тодорхой нэг хуулийн этгээдийн нэр
дээр байдаг.
Бид тухайн ашигт
малтмалын тусгай зөвшөөрлөө тодорхой шалтгааны улмаас (зарах, шилжүүлэх,
бэлэглэх, барьцаалах г.м) бусдад тодорхой эрхээ шилжүүлэх шаардлага
үүсдэг.
Харин тухайн тусгай
зөвшөөрлийг засаг өөрийн зүгээс бодитоор, зах зээлийн үнэлгээгээр
үнэлэх, ахиухан татвар авах туйлын хүсэлтэй байдаг.
Эхний
ээлжид хуулийн этгээдээс хуулийн этгээд рүү шилжүүлэх тохиолдлыг нь авч
үзье. Энэ үед мэдээж тухайн ашигт малтмалын зарж буй үнэлгээ гэрээний
дагуу тодорхой байх ба АМГТГ-аас болон тухайн тусгай зөвшөөрөл байрлаж
буй засаг захиргааны нэгжээс лавлагаа, мэдээлэл авна.
Жишээ
нь тус хайгуулын тусгай зөвшөөрөл нь “хоёрдогч гэрээ”-ээр 5 сая төгрөгт
(Үндсэн гэрээнд 5 сая ам.доллар ч байж болно) зарагдаж байгаа бол
татвар ноогдох хувь нь үнийн дүнгээс 30% буюу 1,500,000 төгрөг болно.
Таныг татвар угаас хянаж чадахгүй учир та гэрээний дүнгээс л татвар
төлнө. Гэхдээ энэ үнийн дүн нь балансын хуримтлагдсан дүн ба үнэлгээнээс
доогуур орж болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрөлд
зарцуулагдсан жил бүрийн тусгай зөвшөөрөлд ноогдох хураамж, хайгуулын
ажилд зарцуулсан үнийн дүн болон бусад тухайн журмын 2.13-т заасан бүх
зардал нь ямар үнэлгээний аргачлал сонгосноос шалтгаалж тухай тусгай
зөвшөөрлийн хамгийн бага, суурь үнэлгээг бий болгодог.
Багадаа
дээрх дүнгээс татвар авах учиртай. Энэ дүн тухайн тусгай зөвшөөрөл
эзэмшиж буй хуулийн этгээдийн санхүүгийн баланст бараг заавал тусгагдсан
байдаг. Учир нь тухайн тусгай зөвшөөрлийг нийт талбайн
хэмжээгээр нь тариф тогтоогоод тэр хэмжээгээр геологи, хайгуулын ажил
хийсэн байх шаардлага тулгадаг учир, энэ дүн санхүүгийн баланст хүссэн
хүсээгүй тусгагдсан байна.
Жишээ нь
хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээ 5000 га бол эхний жил
тусгай зөвшөөрлийн хураамж гэж талбайн гектар бүрээс 145 төгрөг авна.
Нийт 725,000 төгрөг болж байна. 2 дахь жилээс гектар тутамд 290
төгрөгийн хураамж авна. Энэ нь 1,450,000 төгрөг болно. Харин эхний жил
хайгуулын ажил заавал хийх албагүй учир 2 дах жилээс гектар бүрээс 0.5
ам.доллар буюу нийт 2,500 ам.долларын (6,000,000 төгрөг) геологи
хайгуулын ажил заавал бөгөөд багадаа хийсэн байх үүрэгтэй. Ингээд та 2
дах жилдээ хайгуулын тусгай зөвшөөрлөө зарах шаардлага үүсвэл тухайн
тусгай зөвшөөрлийг анх улсаас зааврын дагуу авахад шаардагдсан зарлага,
татвар хураамж, мөн компанийн өглөг, хүү торгууль гэх мэт (n) зардлыг
нэмээд n+725,000+1,450,000+6,000,000 нийт n+8,175,000 төгрөгөөс 30
хувийн татвар буюу n+2,425,500 төгрөг өгнө.
Дээрх тохиолдол бол хуулийн этгээдээс хуулийн этгээд хооронд тусгай зөвшөөрлийг салгаад шилжүүлэхэд болдог үйл явдал.
Харин
хуулийн этгээд нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба
талууд хуулийн этгээдийн өөрт ноогдох хувьцааг 100% (хэдэн хувь ч байсан
хувь тэнцүүлнэ) нэгэндээ шилжүүлэн өгч, авах шаардлага үүсвэл энэ
тохиолдолд ямар ч татвар яригдахгүй ба зөвхөн тус компанийн хувьцаа
эзэмшигч нь солигдоно. Зардал нь 100,000 төгрөгөөс хэтрэхгүй. Энэ бол
тусгай зөвшөөрлийг зарж, шилжүүлэх хамгийн хурдан бөгөөд энгийн таатай
арга учир сүүлийн жилүүдэд иргэд тусгай зөвшөөрөл бүрийг тус тусад нь
нэг нэг хоосон компаниудад бүртгүүлж авдаг болсон.
Шинэ буюу 2017 оны 12 дугаар сарын 25 наас хойших үнэлгээ, татварын жишиг:
Харин
энэ оны 01 дүгээр сарын 01 нээс хэрэгжиж эхэлсэн журмын аргачлалын
хувьд өмнөх журам ерөнхийдөө хэвээр бөгөөд ганц илүү санаа нь компаниа
бүтнээр нь болон хэсэгчлэн шилжүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэйгөө хамт
шилжүүлчихдэг, зарчихдаг байсан бол энэ удаа татварын болон мэргэжлийн
хяналт, бүртгэлийг илүү чангатгасан учир таны байгууллага ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг л бол та хэдэн хувиа ч шилжүүлсэн
бай шилжүүлсэн хэмжээний дагуу пропорцлон 30%-ийн татвараа гарцаагүй
төлөх юм. Хоёр гэрээ хийгээд ч нэмэргүй.
Энэ
журам миний бизнесийн амьдралд ч гэсэн түвэгтэй учруулж буй ч улсын эрх
ашиг талаас нь харвал зөв санагддаг. Хуулийн цоорхойг бөглөсөн, улсын
татварын хэмжээг нэмэгдүүлсэн, иргэд байгууллагуудын хариуцлагыг
сайжруулсан гэх мэт. Мэдээж сөрөг үр дагавар байгаа ч эерэг чанар нь
илүү учир дэмжиж байгаа. Бидэнд маш олон ойлгомжгүй, уялдаагүй асуудал
байдаг ч ийм маягаар бага багаар ч болов нөхөөд, сайжруулаад явах нь
чухал.
Бидний туйлын зорилтуудын нэг мэдээж гадны хөрөнгө оруулагчдыг татах. Гэхдээ
бид ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, сахилга баттай байж чадвал
тэр хэрээр бидэнтэй харьцаж буй байгууллагуудын харилцаа, түүний үр дүн
улам чанаржина. Хөрөнгө оруулалт татаж байна гээд хэрэгтэй хэрэггүй бүх хүмүүст найр тавьж болохгүй.
Хамгийн
гол нь гадны ч бай дотоод ч бай хөрөнгө оруулагч нарт бидний бүх үйлдэл
олон улсын түвшний стандартад ойр, тодорхой, тогтвортой байх нь чухал
болохоос татвар их бага байх нь хоёрдугаар асуудал. Одоогоор уул уурхайн
салбарт хамгийн ойлгомжгүй зүйл бол манай ашигт малтмал газрын тосны
газрын үйл ажиллагаа ба 330 засгийн газар буюу орон нутгийн засаг
захиргаа хоорондын уялдаа холбоо юм.
Эцэст
нь хэлэхэд бид Бороо гоулд, Оюутолгой, Алтан нар шиг томоохон орд
газрыг тэвчээртэй, мэдлэгтэй, санхүүтэй эрж олох, мөн түүнийг ашигтай
тогтвортой авч явах туршлага, нарийн мэргэшил, менежментийн болон
санхүүгийн томоохон дутагдалтай байгаа нь үнэн. Энэ салбарын хөрөнгө
оруулалтыг үргээх үндсэн гол шалтгаан болоод байна гэж бодогддог. Юун
түрүүнд Монгол хүн ажилтай байх, ажил нь чанартай байх улмаар хүн бүр
төлөвшиж, бүтээмж өндөртэй иргэн болох нь юу юунаас чухал зорилт билээ.
Шаардлагатай бол энэ журмыг олж уншаарай. “Ашигт
малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл
шилжүүлсний орлогод албан татвар ноогдуулах аргачлал” Монгол улсын
сангийн сайдын тушаал. Дугаар 380. 2017 оны 12 дугаар сарын 25. Сангийн
сайд Ч. Хүрэлбаатар