Монгол банкны Ерөнхийлөгч ба Төв банк нь инфляцийг зохист нам түвшинд
тогтвортой байлгах үндсэн зорилготой. Төгрөг гэсэн үндэсний валютаар
илэрхийлэгдэж байгаа, Монголын газар нутаг дээрх бараа, үйлчилгээний үнийн
өсөлт нь бага байх, үнэ аль болох тогтвортой байхыг Төв банк хариуцдаг гэсэн
үг. Үүний сацуу санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилт Төв банкинд бий.
Ингэж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх ёстой шүү гэж Төв
банкинд хуулиар даалгавар өгсөн байдаг. Энэ ажлаа мөнгөний бодлого, түүний
хэрэгслээр тохируулан удирддаг. Ямар ч ерөнхийлөгч энэ үүргээ биелүүлэхгүй
инфляциа хяналтгүй нисгэж, үнийн тогтвортой байдал алдагдах үзэгдэлтэй нүүр
тулвал ажил хийсэнд тооцогдохгүй ба насан туршдаа хараалган амьдрах нь
дамжиггүй.
Монголын эдийн засаг 1990 оноос хойш нийгмийн (бүтцийн болон агуулгын)
шилжилтийн гэх он жилүүдийг 1995 он хүртэл гипэр инфляцитайгаар мөн гаднын
буцалттай буцалтгүй зээл тусламжид чирэгдэн ядруухан туулсан байдаг. 1996-1999 оны хооронд Азийн хямрал
нүүрлэж, зах зээлийн эдийн засагтай орны хувиар анхныхаа санхүүгийн хямралтай
танилцаж, саалийн үнээ маань сүүгээ өгөх бус өвс тэжээлийн татаас авдаг болсон
үе байлаа. Харин 2000-2003 оны хооронд зэсийн үнэ 1650-1800 ам.долларын хооронд
хэлбэлзэж, эдийн засаг түрхэн хугацаанд амс хийсэн жилүүд юм.
2003-2008 он. Энэ бол дэлхийн зах зээл өөрөө тэлж, уул уурхайн
бүтээгдэхүүний үнэ цэнэ мэдэгдэхүйц нэмэгдэж, ашигт малтмалын хайгуулын лиценз
анх удаа олноороо хэвлэгдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэсэн
жилүүд байв. Энэ хугацааг бид бас л дорвитой ашиглаж чадаагүй юм. Хэрвээ энэ
орлогыг зөв удирдаж, дундаж давхаргаа босгоод ирсэн бол 2008 оны Дэлхийн
хямралыг даваад гарах суурьтай байх байсан юм.
АНУ-д банкны зээл ялангуяа ипотекийн зээлтэй холбоотой хөөс тэсэрч,
санхүүгийн системээ бүхэлд нь татан унагах эрсдэл үүсэв. Улмаар энэ сөрөг нөлөө
нь худалдаа, олборлох салбар, хөрөнгийн зах зээлээр дамжин бүх дэлхийн эдийн
засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. 2008-2009 он бол Монгол улсын хэмжээнд 8000
байсан зэс 3000 болж, 800 сая долларын ГШХО огцом 500 болж багассан үе. Үүний
цаана Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ буурч, мөнгөний
нийлүүлэлт огцом татарч байлаа. Ийм үед (1) огцом буурч байгаа мөнгөний
нийлүүлэлтийг төр бодлогоор нөхөж, хямралын нөлөөг зөөлрүүлэх үү? Аль эсвэл (2)
мөнгөний хатуу бодлогоор эдийн засгаас мөнгийг нэмж татаж, эдийн засгийг улам
агшуулж борцлох уу гэсэн 2 сонголт ирсэн. Яаж ч бодсон эхний сонголт нь эдийн
засгийн эрх ашигт нийцэж байсан. Харамсалтай
нь төр 2 дахь сонголтыг хийсэн, хямралын эсрэг бодлогын хариу үйлдэл нь буруу байснаас эдийн засаг 8.9%
өсөлтөөс ганцхан жилийн дотор -1.3%
агшилт болж хувирсан. Доллартай харьцах төгрөгийн ханш 1160 аас гуравхан сарын
дотор 1800 хүрч, инфляци 34% хүрч, банкны хямрал болж 2 том банк (Анод, Зоос)
дампуурч, банкнуудын өөрийн хөрөнгө хамгийн бага шаардлагаасаа доогуур болж,
төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдаж, чанаргүй зээл нийт зээлийн 18%-д хүрч
байв. Ажилтай хүний тоо 3 сарын дотор 80 мянгаар цөөрсөн. Ганцхан улирлын дотор
80 мянган хүн гудамжинд гарсан гэсэн үг. Барилгын салбар гүн хямралд орж,
өрсөлдөх чадвараа бүрэн алдаж, орон сууцыг хятад ажиллах хүч түлхүү барьдаг
болсон гашуун түүхтэй үе байлаа.
Гадаад эдийн засгийн орчин хүндэрхэд
түүний эсрэг бодлого хийхдээ санхүүгийн тогтвортой
байдал, ажлын байр (дундаж давхарга) гэсэн хоёр амин чухал зүйлийг аварч
үлдэх ёстой, түүний тулд эдийн засагт дутагдаж байгаа мөнгийг макро бодлогын
хүрээнд төр тодорхой хэмжээнд нөхөх ёстой
юм байна гэдэг сургамжийг анх удаа Монголын эдийн засаг 2009 оны хямралаас
авсан юм. Харин дэлхий, Азийн эдийн засаг энэ сургамжийг нэлээд эрт авсан
байдаг.
2010-2012 он: Хямралын
дараах их сагалт, галзуу солиорлын үе. 2009 оны хямралын үеийг далимдуулж
ОУВС-гийн дарамтан дор ОТ гэрээг зурсан гэж зарим хүн бичдэг. Хөрөнгө
оруулалтын гэрээг хүмүүс сүүлдээ ХОГ гэж нэрлэх болсон түүх үүнээс эхтэй.
Хямарсан эдийн засагтай улс орон гадаадын үндэстэн дамнасан корпорацитай том
хэлцэл, гэрээнд үргэлж сул талтай оролцдог, хэлцэл хийх чадавх маш сул байдаг.
Иймд аль болох хямралыг зөөлрүүлсний дараа гэрээ, хэлцэл хийх нь тухайн орны
эрх ашигт нийцтэй байхад эерэг нөлөөтэй байх нь ойлгомжтой. 2010-2012 онд эдийн
засаг 6.4%, 17.5%, 12.3%-ар өссөн. Гэхдээ энэ өсөлтийг зэс, нүүрс, төмрийн
хүдэр, алт, газрын тосны экспортын орлого, ОТ болон бусад ГШХО, хувийн хэвшлийн
гадаад зээлийн эх үүсвэрүүд бий болгосон байсан. Энэ өсөлт мэдээж хөөсөрсөн,
нас богинотой, дундаж давхаргад суурилаагүй өсөлт байсан нь тодорхой. Ийм өндөр
өсөлтийн том өрөм нь гадаадынханд, хусам нь харин дотоодын аж ахуйн нэгж,
иргэдэд ногдож байсан. Өндөр өсөлтийн үед хэрэглээг огцом тэлж, гадаад тэнцлийг
тогтворгүй болгосон. Уг нь хэрэглээг замбараатай байлгаж, дотоод хөрөнгө
оруулалт, хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой байсан. Тэр нь дундаж давхаргаа, эдийн
засгийн өрсөлдөх чадвараа, ажлын байраа, дотоод үйлдвэрлэл ба үйлчилгээгээ
байлсан байх хэрэгтэй байв.
2013-2016 он: Төлбөрийн
тэнцлийн хямрал, түүний нөлөөлөл үргэлжилж, хямралыг мөнгөний бодлогоор зөөлрүүлж
эдийн засгийн зөөлөн газардалт хийсэн үе гэж Монголбанкныхан үздэг. Эдийн
засгийн өсөлт энэ онуудад 11.6%, 7.9%, 2.3%, 1.2% болж саарчээ. Төв банк эдийн
засагт банкны сектороор дамжуулж мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр
хийсэн 2013-2014 онуудад ДНБ өсөлт ингэж саарч байж. Ийм хөтөлбөр хийгээгүй бол
эдийн засгийн огцом уналт, агшилт 2013-2014 онд болохоор байв. Ийм хөтөлбөртэй
үед хямралын эсрэг наркоз буюу өвчин намдаалттай явж байсан гэж хэлж болно.
Иргэд, ААН-д хямралын хүнд үед дасан зохицох цаг хугацаа олгосон бодлого гэж
ойлгох хэрэгтэй юм. Ийм хугацаа олгоогүй бол 2009 оны хямралыг 3-4 дахин
томруулсантай тэнцэхүйц гүнзгий хямрал аль 2013-2014 онд бий болох байсан нь
тодорхой байв. 2015-2016 онд Төв банк бүх хөтөлбөрүүдээс гарч, мөнгөний
нийлүүлэлт хийхээ болимогц эдийн засгийн өсөлт илүү огцом саарч 1-2% түвшинд
ирж иргэд, ААН-үүдэд “өвдөлт мэдрэгдсэн”. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт
агших буюу “цус алдахад” төр түүнийг нөхөх үүрэгтэй. Төр бодлого хэрэгжүүлэх
ёстой. Бодлогын зардлаа гаргах л учиртай. Тэгэхийн тулд төр оршдог. Түүний
төлөө Монгол банк байдаг. Түүний зорилго нь макро эдийн засаг, санхүүгийн
тогтвортой байдлыг хадгалж үлдэх, ажлын байраа аль болох хамгаалах, дундаж
давхаргад ирэх хямралын нөлөөг аль болох зөөллөхөд оршино.
Бонд босгох шалтгаан ба эс үйлдлийн эрсдэл
Монголд төлбөрийн тэнцлийн сөрөг үр дагавар 2012 оны эхэнд шатахууны үнэ
нэг шөнийн дотор 240 төгрөгөөр өсөж мэдрэгдэж эхлэв. 2012 онд Оюу толгойг эс
тооцвол ГШХО-ын цаашдын төлөв бүрхэг болов. Шалтгаан нь Хятад (манай ГШХО-ын
60%)-ын төрийн удирдлагын өөрчлөлт, түүнээс шалтгаалсан хүлээлт, Хятадаас
хөгжиж байгаа орнуудад хийх хөрөнгө оруулалт буурсан хандлага. Түүхий эдийн үнэ
унаад эхлэхээр түүхий эдийн хөрөнгө оруулалт буурах нь автомат ойлголт. Дээр нь
манай хууль эрх зүйн орчинд гарсан нэн сөрөг өөрчлөлтүүд. Тухайлбал, 2012 оны 5
сард батлагдаж 2013 оны 10 сард хүчингүй болсон ГШХО-ыг илт хязгаарласан
хориглосон утгатай хууль. Миний мэдэхийн энэ хуулиас болж, монголын нэг том
групп нуран унах 3 том шалтгааны нэг болж, нүдэн дээр минь 80 сая доллар гэртээ
харьсандаа. Мөн South Gobi Sands-ийн дээрэм. ОТ далд уурхайн төслийн
санхүүжилтийн гацалт гэх мэтээр үргэлжилсэн.
2012 онд гадаад худалдааны алдагдал аль хэдийн -2 тэрбум доллар. Гадаад
төлбөрийн урсгал дансны алдагдал хэдийн -3.2 тэрбум доллар болсон байсан үе.
Үүнийг нөхдөг нь ГШХО. Гэтэл ГШХО дээр шок ирэх нь маш тодорхой болов.
Экспортын орлого буурах нь ойлгомжтой болов. Алт тушаалт нэмэгдэхгүй, татварын
таагүй орчин үүнд сөрөг нөлөө үзүүлж байв. Нэгэнт долларын орох урсгалын 4 крантнаас
(ГШХО, АЛТ, ЭКСПОРТ, БОНД) 3 нь ингээд хаагдчихлаар эдийн засагт валют хомсдох
эрсдэл өсөж, мөнгөний нийлүүлэлт огцом агших магадлал бодитой болж ирсэн юм. -3
тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх, энэ алдагдлыг аажим бууруулах, улмаар
төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй байлгах валют амин чухал хэрэгцээтэй
болсон. Ийм учраас Хөгжлийн банк бонд гаргахаар болж 3 сард хэлцэл хийгдэв.
2012 оны төгсгөлд ЗГ бонд амжилттай гарсан. Ингэж гадаад зах зээлээс 2 тэрбум
доллар босгов. 2 тэрбум долларын бондын
эх үүсвэрийн эсрэг -3 тэрбум ам.долларын гадаад тэнцлийн алдагдал...
Тийм учраас
2012 онд арилжаалсан 2 бонд, 2013-2016 онд гаргасан бонд, авсан синдикат
зээлүүд, төгрөг-юанийн своп хэлцэл нь зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байсан
юм. Тухайн үеийн ҮАБЗ, УИХ бонд гаргахыг зөвшөөрч дэмжиж байсан. Ийм бондын эх
үүсвэр байгаагүй бол 2013 оны эцсээр
Монголын ДНБ хасах болох, 2014-2016 онд агшилт үргэлжлэх аюултай байсан юм.
2013-2016 оны дараалсан 4 жил гүн хямралтай явах уу? Аль эсвэл хямралыг
зөөлрүүлж, хугацаа хожих уу гэсэн сонголтын цаад санхүүгийн эх үүсвэр нь эдгээр
бондууд л байсан болно. Бонд гаргаагүй байсан бол 4 жилийн турш үргэлжлэх
санхүү, эдийн засаг, нийгмийн гүн хямрал. Үүний цаана 200 мянган хүн ажилгүй болж, банкны систем хямарч, дотоодын хамаг үнэ
цэнэтэй актив хөрөнгүүд гадаадын, тэр дундаа хятадын эрхшээлд хямд үнээр шилжих
байлаа.
Тиймээс 2012 оны 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаас бол
хямралын үед Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж авч үлдэх үү? Аль эсвэл тавиад туух уу
гэсэн эрс тэс сонголт байсан гэж хэлэхэд хатуудахгүй байх.
Бонд гаргахаас
өөр арга зам байсан уу гэвэл байгаагүй. Яагаад гэвэл түүхий эдийн үнийн
уналт 2011 оны 4-р улирлаас 2016 оны 4-р улирал хүртэл 5 жил үргэлжиллээ. Ийм
орчинд экспортын орлого огцом буурах нь тодорхой байсан. Хоёрт, ГШХО 2011-2012
онд нийт 9 тэрбум ам.доллартай байсан үед эдийн засаг 12-17% өсч байсан юм бол 2014-2016 онд 0.3 тэрбум болж ширгэж алга
болоход эдийн засаг хэдэн хувиар агшилт хийх байсан юм бэ? Гэхдээ тэгээгүй нь бонд гаргаж, түүн дээр суурилж эдийн
засагт дутагдаж байсан мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нөхөх
бодлого хэрэгжүүлсний нөлөө байв.
Улс төрийн хүрээнд бонд гаргахыг зөвшөөрч шийдвэр гаргасан нь том дэмжлэг
болсон. Зарим хүмүүс бондын мөнгийг юунд ашиглахаа тодорхойлоогүй байж бонд
гаргасан нь буруу гэдэг. Бондын эх үүсвэр нь эдийн засгийн макро менежментийг хийхэд, тогтвортой байдлыг хадгалахад, инфляцийг
бууруулахад, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад, дундаж давхаргын
хуримтлалыг дэмжихэд, дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд гэх мэт
тодорхой зорилготой ашиглагдсан. Зорилго нь тодорхой байсан. Гэхдээ бондыг
зарцуулах эрх мэдэл нь Засгийн газарт,
түүнд хяналт тавьж чиглүүлэх эрх мэдэл нь УИХ-д
байсныг дурдах нь зүйтэй.
Олон хүн одоо хүртэл Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гардан хийсэн
нь буруу гэж боддог. Гэтэл шүүрэн шанага шиг эдийн засаг маань багагүй саад
бэрхшээлийг туулах явцдаа савныхаа нүхийг улам томруулсан явдал нь энэхүү олон
нүхийг бөглөхгүйгээр цааш явах нь амиа арай ядан торгоохоос цаашгүй гэдгийг
харуулж байлаа.
Монголбанкны
уламжлалт бус мөнгөний бодлого нь онолын хувьд зөв, гарцаагүй сонголт байсан.
Юун түрүүнд үнэ тогтворжуулах хөтөлбөр бол УИХ-аас Засгийн газар, Монголбанкинд
даалгасан шийдвэр байсан юм билээ. УИХ-ын тогтоолгүйгээр, Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн зөвлөмж шийдвэргүйгээр Монголбанк ажилласан бол Золжаргал
Ерөнхийлөгч өдийд өөр газар байхаар байсан биз.
Энэ хөтөлбөрийн нэг гол зорилго нь инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой
түвшинд хүргэж бууруулахад оршиж байсан. 2012 оны эцэст 14% байсан инфляци 2013
онд 11.9%, 2014 онд 11.0%, 2015 онд 1.9%, 2016 онд 1.1% болж буурав. Үнэ
тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн үед инфляци өсөөгүй, буурч байсныг нь статистик
нотолж байна. Хөтөлбөрийн хоёр дахь зорилго нь банкны системийн төлбөр түргэн
гүйцэтгэх чадварыг дэмжих, зээлийн тасалдал үүсэхээс сэргийлэхэд оршиж байж.
Хөтөлбөр хэрэгжсэн хугацааны зээлийн тасалдал үүсээгүй. Харин хөтөлбөрийг
хэрэгжүүлж дууссаны дараа, УИХ-ын шийдвэрээр хөтөлбөрийг 2015 оноос зогсоосны
дараа системийн хэмжээнд зээл хумигдаж,
тасалдлын шинж тэмдэг 2016 онд ажиглагдаж байсан нь үнэн юм. Анхнаасаа 3 жилийн
хугацаатай гэж зарлагдсан хөтөлбөрийн гурав дахь зорилго нь цаашид эдийн засагт
мах, улаан буудай, 1-р гурил, түлш шатахууны нийлүүлэлтийн тасалдлаас
шалтгаалсан үнийн огцом өсөлт үүсгэхгүй байлгах санхүүжилтийн схем үлдээх,
үүнийг нь банкууд, ААН-үүд Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэх
байнгын тогтвортой бүтэц бий болгоход оршиж байсан байна. Үүнийг Монгол банкны
тайлан, цахим хуудсан дахь мэдээллээс тодорхой харж болохоор байна.
Энэ хөтөлбөр 2012 оны 11 сараас эхэлж 2015 он гэхэд ерөнхийдөө дуусгавар
болсон. Ипотекийн зээлийг оруулахгүйгээр нийт дэд хөтөлбөрийн хүрээнд 720
тэрбум төгрөгийн зээлийг банкууд хувийн хэвшилд олгосноос 98% нь 2017 оны дунд үе гэхэд эргэн төлөгдөж дууссан байна. Энэ
хөтөлбөрийн хүрээнд Монголбанк банкинд, банк өөрөө эрсдэлээ үүрч зээлдэгчид
зээл олгосон. Харин Монголбанк Засгийн газарт зээл өгөөгүй, төсвийн алдагдлыг
санхүүжүүлээгүй.
Онолын хувьд эдийн засаг өсөх эсэх нь мөнгөний нийлүүлэлтээс тэр дундаа
банкны зээлээс ихээхэн хамааралтай. Зээл буюу мөнгөний урсгал зах зээлд саарах,
эдийн засаг агших үед байгууллагууд эхнээсээ дампуурч, ажилгүйдэл газар авна.
Харин Төв банк ийм тохиолдол үүсч, хямрал болохоос урьдчилан сэргийлж авах ганц
арга хэмжээ нь хуулийн хүрээнд банкуудад зээл гаргаж, дотоод активыг нь богино хугацаанд
дэмжих мөнгөний бодлогын нийлүүлэлтийн хэрэгслийн эрх нь нээлттэй байдаг.
Иймэрхүү үнэ тогтворжуулах хөтөлбөр шиг хөтөлбөрийг Ази, Латин америкийн
орнуудад түгээмэл ашигласан байдаг юм байна. Иргэдийн өргөн хэрэглээний барааны
агуулах дахь нөөцийг банкны зээлээр санхүүжүүлдэг энгийн л схем. Онолын хувьд
ямар ч алдаагүй. Практикийн хувьд ч зайлшгүй хэрэгжиж, үр дүнд хүрсэн бодлого.
Мэдээж 100% төгс хэрэгждэг хөтөлбөр гэж үгүй. Гэхдээ 80-90% нь онилсон байгаа
оносон хөтөлбөр гэж үзэх бүрэн үндэстэй.
Харин ч 2012-2016 оны бодлогын үр дүнд инфляци 1-2%, банкны салбар тогтвортой,
гадаад төлбөрийн урсгал тэнцэл -3.0 тэрбум доллараас -0.5 болж 6 дахин буурсан,
валютын нөөц 5 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд, 95 мянган өрх
моргэйжийн зээлэнд хамрагдаж дундаж давхаргын хуримтлал өссөн, ажилгүйдлийн
түвшин хямралын үед 7-9%-д хэлбэлзсэн, банкны системийн чанаргүй зээлийн
харьцаа 8-9%-д тогтворжсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байх юм. Үүнийг албан
ёсны статистик, судлаачид, эдийн засагчдын яриа, мэдээллээс харж болно. Ийм
эерэг суурин дээр 2016 оны сүүлчээс нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, цайрын үнэ
өссөнөөр Монголын эдийн засаг экспортоос 2 тэрбум ам.долларын орлого 2017 онд
илүү олов. Мөн 1 тэрбум доллараар ГШХО өсжээ. Ингэж 3 тэрбум долларын валют
зөвхөн энэ хоёр сувгаар эдийн засагт орж ирсэн нь ДНБ өсөлтийг 1.2%-иас 5.8%
болж тэлэхэд шууд нөлөөлсөн.
Нэгэнт эдийн засгийн бүтэц нь тэнцвэржээгүй үед бондоос өөр аврал
байсангүй. Товчхондоо мэргэжлийн үүднээс аргагүй хамгаалах хэрэгсэл байсан
Чингис бондоос эхтэй өрийг өрөөр дарах бондын цуваа биднийг улам гүн ангал руу
чирээд байгаа мэт санагдавч цаад утгаараа манай улсын макро эдийн засгийн
үзүүлэлт аажимдаа илааршиж, зээллэг, зээлийн төлөлтийн хэмжээ нь улсын эерэг
тэнцлээрээ хорогдсоор байгаа нь сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Мэдээж аль
болох хямралын жилүүдэд төсвөө алдагдалтай баталж, харин орлоготой жилүүдэд
хасах тэнцлээ нөхөх, улмаар хуримтлал бий болгох замаар эрсдэлийг удирдах нь
зүйтэй болов уу.