Saturday, November 12, 2016

МУУ ЗЭЭЛ БА УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГ

Монголын арилжааны банкнуудын нийт гаргасан зээл 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 12 их наяд төгрөг байна. Үүнээс 9 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг нь муу зээлийн ангилалд шилжжээ. Эдийн засаг сэргэхгүй, валютын ханш өсөж, ажилгүйдэл ихсэх тусам муу зээлийн хувь нэмэгдсээр л байна. Муу зээлийн ихэнх хэсэг буюу 34 хувийг уул уурхайн салбарт, түүнийг дагасан бизнест олгосон байна. Дараагийн томоохон хэсэг нь худалдаа. Гэхдээ худалдааны эрсдэл нь уул уурхайг бодвол бага. Манай улсын нийт санхүүгийн зах зээлийн 93 хувийг банк, банк бусууд эзэлдэг. Харин уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг тус тус бүрдүүлдэг.

Ингээд бодохоор ирээдүйн 20-30 жил бид энэ салбаруудаас хамааралтай байх магадлал тун өндөр.
Тэгэхээр уул уурхай гэж юу вэ?, түүнд яаж зээл олгох вэ?, яавал эрсдэл багатай байлгах вэ гэдэг нь бараг манай улсын эдийн засгийг яаж аврах вэ гэдэг шиг их чухал асуудал юм. Мэдээж энэхүү уул уурхайн түүхий эдийн үүдэлтэй эрсдэл нь гадна дотнын олон хүчин зүйлээс хамааралтай ч өнөөдөр би нэг хэсгээс нь тайлбарлах бодолтой байна. Энэ бол цөм хэсэг нь юм.

Миний ойлголтоор Монголд уул уурхайн салбарын жинхэнэ хөгжил ирээгүйгээс үүдэн уул уурхайг бүрэн мэддэг, хийж чаддаг, түүнийг ойлгодог потенциалын оролцогчид маш ховор байх шиг. Гэтэл гадны томоохон уул уурхайн компаниуд Монголыг эрдэс баялагынх нь хувьд дэлхийд дээрээсээ 2-3 т орох стратегийн нөөц бүхий орон гэж тодорхойлсон байдаг.

Өнөөдөр Монголд 2000 оноос хойш 2009 он хүртэл 3000 орчим уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид лиценз гэе) нь лицензийн арилжааны болон геологи хайгуул, олборлолтын зах зээл рүү гарч. Мөн 2014 оноос өнөөг хүртэл нэмж 900 орчим лиценз хэвлэгдээд (хэрвээ лицензийн тухай дэлгэрэнгүй ойлголт авахыг хүсвэл миний "Лицензтэй болох нь нийтлэлийг сонирхоно уу") байна. Дээрх 3000 лицензийн 1500 нь ашиглалтын лиценз. Эзэмшлийн хувьд тал нь гаднын хөрөнгө оруулагч, түүний 80 хувь нь Хятадын ААН -ийн мэдэлд байдаг.

Мэдээж лиценз болгон ашигтай төсөл болдоггүй. Дээрх 1500 лицензийн ердөө хэдхэн ширхэг (Оюутолгой, Эрдэнэт, ТТ, Бороо гоулд г.м) нь олон улсын хэмжээнд хүрсэн төсөл болж. Гэтэл сүүлийн жилүүдэд алтны үндсэн орд, зэс болон бусад нарийн технологийн үйл ажиллагаа шаардагддаг эрдсийн ордын хувьд 90 орчим хувь нь гаднын компаниудын оролцоотой хөрөнгийн зах руу гарч байна. Товчхон хэлэхэд уул уурхайн гол яриа түүний геологи хайгуулын шатанд нь яригддаг. Дэлхийн уул уурхайн гигантууд геологийн ажлын үр дүн ярьж, хувьцааны захад тоглодог болохоос бүх нөөц нь олон улсын стандартаар баталгаажсан бэлэн ордыг олборлох асуудал бол магадгүй бизнес хийж сурсан хэн бүхний хөнгөхөн хийчих ойлгомжтой ажил биз. Учир нь Монголын хамгийн том уул уурхайн компанийн эзэн "дахиж хэзээ ч хайгуулын үйл ажиллагаанд оролцохгүй" гэж хэлсэн нь ямар их цаг хугацаа, хөрөнгөөрөө хаширсны илрэл биз. Хайгуулын ажлыг дан ганц мөнгөөр шийддэггүй юм гэсэн санаа. Энэ бол үнэхээр нарийн сэтгэлийн уялдаа холбоотой тусгай баг хүмүүсийн хийх ажил юмаа.

Эргээд гол сэдэвтээ ороход банкнууд хуучин 3000 лицензээс үүссэн муу зээлээ яаж сайжруулах, одоо шинээр хэвлэгдсэн 900 лицензтэй компаниудад яаж бас, юу мэдэж, юунд найдаж зээл өгөх гэж байгаа вэ?. Мэдээж энэ хүмүүст геологи хайгуулын ажлын зардал хэрэгтэй. Энэ нь банкны хувьд хамгийн эрсдэлтэй үе нь. Гэхдээ банкнуудад сануулахад монгол аргаар хайгуулаа хийгээд ашиглалтын төрөл болгосон, ТЭЗҮ гээ хийлгэсэн төсөл түүнээс илүү эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна. Учир нь манай бүх геологич нар орос школтойгоос гадна, гүнийн хайгуулын туршлагатай баг хамт олон тун цөөн. Өнөөдөр уул уурхайн бүх мөнгө Орост биш Хятадад байна. Тодруулбал Хонг Конгын бирж дээр байна. Тэнд төсөлд мөнгө өгөхдөө олон улсын тэргүүний нэр хүндтэй уул уурхайн зөвлөх компанийн JORC, NI43-101 стандартаар тодорхой үе шатны дүгнэлт, баталгаа хийлгэсэн байдлыг хардаг.
Монголд дээрх олон улсын стандартаар баталгаа гаргаж өгдөг монгол компани гэж бараг байхгүй. Тэгээд ч туршлага хэрэгтэй. Миний ойлгосноор Хонг Конгын бирж дээр уул уурхайн чиглэлээр нэг жилийн хугацаанд боссон 61 тэрбум ам.долларын 70 хувь буюу 43 тэрбум ам.доллар босоход тухайн уул уурхайн төсөлд хөндлөнгийн геологийн зөвлөх үйлчилгээг дангаараа үзүүлсэн үзүүлэлттэй Австралийн геологийн зөвлөх үйлчилгээний компани Монголд салбараа нээгээд үйл ажиллагаагаа явуулаад 10 орчим жил болж байдаг.

Миний ажигласнаар манай банкнууд яг тэр мэргэжлийн потенциал шаардсан хэсэгтээ анхаарал тун бага тавьж, гол төлөв төсөв санхүүгийн талыг нь чухалчилж байгаагаас эрсдэлээ өөр дээрээ нэмээд байх шиг. Уул уурхайн шинжлэх ухаан бүх газар адил. Дэлхийн бүх том банкнууд дээрх шиг хүлээн зөвшөөрөгдсөн геологи, уул уурхайн зөвлөх компаниудтай хамтран ажилладаг. Тийм байгууллагууд геологи хайгуулын ажлыг анхан шатнаас нь эхлээд уурхайг тань хаах хүртэлх нийт 40 гаран үе шатанд зөвлөгөө өгч ажилладаг. Давхар санхүүгийн эрсдэлийг тань хамт үүрэлцэнэ. Тухайн зөвлөх үйлчилгээний талаар задлаад нарийн яривал маш их зүйл бий. Гэхдээ сэдэв нь биш юм.

Дээрх санаагаа дүгнээд хэлэхэд уул уурхай гэдэг бол геологи хайгуулын өндөр хариуцлагатай, шат дараатай, цэвэр шинжлэх ухаанд тулгуурласан маш нарийн мэргэжлийн ажил юм. Энд би дараагийн Оюутолгойг олох хэмжээний ажлын талаар ярьж байгаа юм. Гэхдээ бүх түвшний төсөлд ч гэсэн адил хандахгүй бол их том нөөцтэй талбайгаа жижигхэн хэмжээнд үнэлэх, бүр буруу дүгнэн хаях, эсвэл юу ч үгүй газраа том нөөцтэй мэтээр ойлгох зэрэг харамсаад нэмэргүй өдөртэй аль аль тал нь золгох өндөр эрсдэл байдаг.
Жишээ нь хэдэн жилийн өмнө монголын хамгийн л чухал нэр хүндтэй геологич эрхэм нэгэн хайгуулын талбайгаа шинжиж үзээд, үл тоон 10.000 ам.доллараар зарсан байдаг. Өнөөдөр өнөөх талбайд нь Австраличууд хайгуул хийгээд 30 гаран сая тонн төмрийн хүдэр, 7 тонн алт, 100 гаран мянган тонн зэсийн нөөц тогтоож, үнэлгээ нь бараг 100 гаран сая ам.долларын том төсөл болоод үйл ажиллагаа эхэлж байх жишээтэй. Ийм жишээг яриад байвал бараг бүх хүний тухай ярих хэрэг гарна. Тэр байг гэхэд монголд үйл ажиллагаа явуулж буй дэлхийд дээгүүрт орох томоохон гаднын компанийн ТУЗ-ийн дарга хүртэл хайгуулын ажлын шат дараалал, зарчмын асуудалд нэлээн итгэмээргүй буруу байр суурьтай байж билээ. Тэхээр гадна дотно гэлтгүй хамтрагчаа зөв мэдэрч хамтран ажиллах учиртай юм.

Дүгнэлт. Өнөөдөр дэлхийд нефть, эсвэл алмаз, эсвэл алт гэсэн ганц хоёрхон эрдэстэй, түүгээрээ дэлхийн улс орнуудын хөгжилд тэргүүн эгнээнд хүртэл хөгжсөн улс олон байна. Гэтэл манай улсад менделеевийн 108 элементээс бүрдсэн 2000 нэр төрлийн бүх элемент эрдэс бий. Манай хөрөнгийн бирж тийм амар хөгжихгүй. Монголчуудын геологи хайгуулын чадвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ бас хугацаа хэрэгтэй. Цаашлаад үйлдвэрлэл, төслийн удирдлага гээд асуудлууд гарна. Дэлхийн хамгийн том уул уурхайн корпораци болох Рио тинто 95 тэрбумын үнэлгээтэй, BHP 92 тэрбумын үнэлгээтэй. Бидэнд тэднээс дутуу нь менежмент, мөнгө алга. Түүнээс яг ижил баялаг нь буюу төсөл нь байна. Мөнгөөр дамжуулж, менежментийг төлөвшүүлдэг. Та сахилга баттай, тогтвортой компани байж том бизнес хийнэ гэдгийг Монголын олон компани ойлгож эхэлж байна.

Тэгэхээр банкнуудад зөвлөхөд аль аль талдаа өгөөжтэй байхын тулд танаас одоо уул уурхайн төлөвлөгөөгөө бариад зээл хүсч буй хэн нэгэн эсвэл зээл аваад үйл ажиллагааныхаа аль нэг хэсэгт туршлага дутаад зээл нь муудсан зээлдэгчээ ... бидэнтэй хамтран ажилладаг ТЭР уул уурхайн зөвлөх компаниас зөвлөгөө аваад, төсөл дээрээ дүгнэлт бичүүлээд ирээ гээд явуулахад банкны зүгээс эрсдэл байна уу. Гаднын компани болохоор үйлчилгээ нь үнэтэй гэж эмээдэг. Тийм бишээ. Хэрвээ та үйлчилгээнийхээ захиалгыг зөв өгөөд, хүлээцтэй хамтран ажиллаад, зөв үр дүн гаргаад эхэлбэл, буруу олон хямд юм хийснээс хямд.
Монголд бизнес хийгээд сурч буй гадна дотнын том компаниуд нь мөнгөө төлөөд зөвлөгөөгөө аваад гаднаас санхүүжилтээ босгоод явж л байна. Гэхдээ бусад нь яах вэ, анхан шатны хайгуулын мөнгөгүй, яаж хайгуулаа хийхээ мэдэхгүй, хамгийн аюултай нь мэдэхгүйгээ мэдэхгүй хайгуул хийгээд дампуурч буй компаниуд лицензээ авсан үнээрээ шууд хятадуудад зарж байна. Заримыг нь үнэгүй өгөөд ч авахгүй. Хэрвээ манай банкнууд ийм схемээр ажиллаад эхэлбэл манай улсын уул уурхайн салбар үндсэндээ буяныхаа замд орно. Зээлийн чанар сайжрахаас гадна уул уурхайн төсөл чанаржина. Төгс уул уурхайг хийж чадвал нийгэмд нэмэр болохоос гадна байгаль орчинд ч том дэмтэй. Учир нь аливаа зүйлийг буруу хийвэл байгаль орчин бүү хэл бүх зүйлд сөрөг үр дагавартай. Энэ олон үнэн худал нь мэдэгдэхгүй зарим лицензийн зорилго нь гаднын хөрөнгө оруулагчдыг хашраасаар өдийг хүрлээ. Тэхээр лицензийг нь шалгадаг хүмүүсээр нь сайн мууг нь мэдүүлээд өгөх нь эзэндээ ч хэрэгтэй, банкандаа ч хэрэгтэй. Цаашлаад улс оронд ч хэрэгтэй. Гол нь бид улсынхаа эрдэс баялгийн тухай үнэн зөв мэдээлэл, дүгнэлттэй болно.

Дахин дүгнэхэд уул уурхайн салбарыг сонгодог утгаар нь зөв зохистой утга учиртай хөгжүүлж чадвал муу зээл чинь чанар нь сайжирч цаашлаад улам өгөөжтэй найдвартай зээлийн харилцаа бий болсноор банкны салбарын хөгжил нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бий болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж, алсдаа эдийн засгийн савлагаагаа намдаах ашиг тустай юм. Мэдээж ирээдүйн зорилго маань Монголд дараагийн Хонг Конг, Торонтогийн биржийг байгуулах байж болох юм.